• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Адууны ринопневмони өвчин


1. Тодорхойлолт: Өсвөр насны адууны амьсгалын дээд замын салст бүрхүүл үрэвсэх, ханиалгах, халуурах, нус, шүлс, нулимс гоожих, хээлтэй гүү хээл хаях шинжээр илэрдэг вирусийн цочмог халдварт өвчин юм.
2. Үүсгэгч: Герпес вирусийн язгуурын варицеллавирусийн төрлийн ДНХ агуулсан 80-100 нм хэмжээтэй, 4,75х10-10 кДа жинтэй уурган бүрхүүлээс тогтоно. Зарим тохиолдолд вирус уурган бүрхүүлгүй 14 полипептидээс тогтсон байдаг.
Үүсгэгчийн тэсвэрт чанар: Вирусийн идэвх гадаад орчинд болон рН 6.0–6.7–д сайн хадгалагдана. Харин рН 4,0-өөс доош болоход идэвхээ аажмаар алдана. Вирус 560С-д 10 мин, 500С-д 20–30 мин, 370С-д 1–7 хоног, 40С-д 7–8 сар, -100 С-д 12–14 сар идэвхээ хадгалдаг байна. Вирус эмгэгт материалд удаан хугацаагаар хадгалагддаг онцлогтой бол эфир, хлорформ, дезоксихолат натри зэрэгт 45-60 минутын дараа идэвхээ алдах ба 1%-ийн этилийн спирт, трипсин, гепарин, EDTA зэрэгт тэсвэртэй. Хэт ягаан туяа болон нарны шууд гэрэлд 3–7 хоноод идэвхээ алдана.
3. Халдвар тархах зам: Халдварын эх булаг нь өвчтэй болон өвчлөөд эдгэрсэн адуу, илжиг бөгөөд тэдгээрийн нус, шүлс, шээс, баас, зулбадас, үтрээний буртаг, хаг зэрэг нь бэлчээр, ус, өвс тэжээл, хашаа саравч, уяа зогсоол зэргийг бохирдуулна. Өвчин нь агаар дусал, хавьтал халдвар болон үүсгэгчээр бохирдсон ус өвс тэжээл, тоног хэрэгсэл, өвчтэй адуутай харьцаж байсан хүний хувцас, хэрэгслээр дамжин халдварлана.
4. Эмнэлзүйн шинж тэмдэг: Өвчний нууц үе 3–7 хоног бөгөөд өвчин цочмогдуу явцтай илэрнэ. Өвчилсөн адуу гэнэт халуурах, хамар, зовхины салст бүрхүүл үрэвсэх, ханиах, тэжээлдээ дуршилгүй болох, эрүүний доорхи тунгалгийн зангилаа томрох, хөл хавагнах, чацга алдах шинж тэмдэг илэрнэ. Адуу нас, хүйс, үүлдэр харгалзахгүй өвчлөх боловч амьсгалын замын үрэвслийн шинж тэмдэгтэйгээр 5 сараас дээш насны өсвөр адуу өвчилнө. Харин гүү хээлийн хоёр дахь хагаст эмнэлзүйн шинж тэмдэггүйгээр гэнэт хээл хаяна. Зарим үед хээлтэй гүүний 80–90% нь хээл хаях бөгөөд 3–7 хоногт хүндрэлгүйгээр эдгэрнэ. Анх хээл авч байгаа байдсан гүү ихэвчлэн хээл хаядаг байна. Амьсгалын замын салст бүрхүүлд вирус үржиж уушигны үрэвсэл үүсгэх бөгөөд энэ шинж тэмдгийг ихэвчлэн герпес 4 ийлдсэн хэвшил үүсгэдэг бол гүүний хээл хаялтанд герпес 1 ийлдсэн хэвшлийн вирус голлох үүрэгтэй байна.
5. Эмгэг бие бүтцийн хувиралт: Гол ‎эмг‎эг бие бүтцийн хувиралт амьсгалын дээд замын үрэвслээр илэрнэ. Уушиг хавагнах, уушигны цулцанд ширхэгэнцэрт шүүрдэс хуримтлагдсан байна. Зулбадас шарлаж салст бүрхүүл дээр цус харвасан байх ба элэг, уушгинд үхжлийн голомт олноор илрэхийн хамт дэлүү томорсон байна. Чээжний хөндийд шингэн ихээр хуримтлагдсан байна.
6. Онош: Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид эмгэгт материалыг “Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журмын” 5.2.8–д заасны дагуу авч хүргүүлнэ. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжид вирус ялгах болон ПГУ, ЭЛИЗА, ВСУ, шууд бус дархан туяаралтын эсрэгбиемийн арга, эмгэг эд судлалын аргыг ашиглаж шинжилгээ хийнэ.
Ялгаварлан оношлох: Адууны ринопневмони өвчнийг адууны томуу өвчнөөс эмнэл зүй, эмгэг бие бүтцийн хувиралтаар ялгаварлан оношлох амаргүй тул ийлдсэнд эсрэгбием илрүүлэх шинжилгээ хийнэ. Адууны халдварт вирусийн метрит, гүүний ижбалнадын гаралтай хээл хаялт, лептоспироз, адууны вирусийн артрит зэрэг өвчний үед хээл хаядаг учир эдгээрээс ялгаварлан оношлох шаардлагатай.
7. Эмчилгээ: Энэ өвчний үед илэрч буй шинж тэмдэгт үндэслэн биеийн эсэргүүцлийг сайжруулах, шингэн нөхөх зорилгоор төрөл бүрийн шингэн нөхөх бэлмэлүүдийг хэрэглэхийн дээр хоёрдогч халдвараас сэргийлэх зорилгоор малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн пенстреп, нитокс, нороциллин зэрэг антибиотикийг зааврын дагуу хийнэ.
 


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.