• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Адууны томуу өвчин


1. Тодорхойлолт : Адууны томуу нь томуугийн А хүрээний вирусээр үүсдэг цочмог явцтай халдварт өвчин юм.
2. Үүсгэгч: Адууны томуу нь миксовирусийн овог, ортомиксовирусийн язгуур, инфлюэнц вирусийн төрөл, А хүрээнд хамаарах H3N8 ба H7N7 дэд хэв шинжээр үүсдэг. Томуу судлаачдын судалгааны ажлын үр дүнгээс үзвэл адууны томуугийн үүсгэгчийн эсрэгтөрөгчийн шинж нь 10-15 жилд бүрэн өөрчлөгддөгөөс дээрх хугацааны дараа цар тахал үүсэх тохиолдол байна.
3. Үүсгэгчийн тэсвэрт чанар: Томуугийн вирус гадаад орчинд ерөнхийдөө тэсвэр муутай. Иймээс өвчилсөн адууны биед болон вирусээр бохирлогдсон хөрс, усанд хэдэн долоо хоногоос илүү хугацаагаар хадгалагддаггүй. Уг вирус нь өвчтэй адуу ханиах, найтаах, тургих үед гадаад орчинд цацагдаж агаар дуслын замаар халдвар тархах нөхцөл бүрдэхээс гадна өвчтэй малтай харьцаж байгаа хүний хувцас, тоног хэрэгсэл, хашаа байр, өвс тэжээлийн үлдэгдэл, ус ба тэжээлийн онгоц зэргээр дамжина. Вирус нь нарны гэрэл, хэт ягаан туяаны нөлөөнд амархан идэвхээ алдана. Судалгаанаас үзэхэд 4 хэмтэй усанд халдварлах идэвхээ 50%-иар удаан хугацаанд хадгалдаг бол хөлдсөн үед нуур, гол гэсэх хүртэл хадгалах боломжтой гэж үздэг. Томуугийн вирус нь физик, химийн хүчин зүйлд тэсвэр муутай бөгөөд тасалгааны дулаанд нэг хоногт, хэт ягаан туяаны нөлөөнд хэдхэн минутанд идэвхээ алдана. Мөн + 40С–д хэдэн долоо хоног, 550С–д нэ‎г цаг, 60-750С–д 2-5 минут, - 20 0С–д хэдэн сар, -70-аас дээш хэмд хэдэн жил идэвхтэй байна. Эфир, хлороформ, дезоксихолат натри, додецилсульфат натри болон тодорхой түвшрүүлэгтэй халдваргүйжүүлэх уусмалуудад амархан идэвхээ алддаг боловч төрөл бүрийн антибиотикт тэсвэртэй байдаг.
4. Халдварын эх үүсвэр, тархах зам: Халдварын эх үүсвэр нь өвчилсөн адуу, илжиг, хулан, тахь зэрэг болно. Томуугийн вирус нь өвчилсөн адууны амьсгалын замын салст бүрхүүл болон мөгөөрсөн хоолой, уушигны цулцан, хучуур  эсүүдэд  хуримтлагдсан байдаг. Эдгээр эс, эд, эрхтнээс гадагшлах бүх төрлийн шүүрлээр дамжин гадна орчинд ялгарна. Мөн томуугаар өвчилсөн адуу билчээрээр нийлэх, морины уралдаан, үзэсгэлэн худалдаа зэргээр нэг дор олноор бөөгнөрүүлэх, адуу мал харилцан солилцох, худалдаалах, хүйтний улиралд хүний хөдөлгөөн ихсэх үед богино хугацаанд дамжин халдвар тархана.
5. Эмнэлзүйн шинж тэмдэг: Өвчний нууц үе нь 1-3 хоног байх бөгөөд өвчилсөн адууны биеийн халуун 39-400С хүрч хүчтэй ханиах, чичирч зогсох, ил харагдах салст бүрхүүл улайж үрэвсэх, хамраас салслаг шингэн нус гоожих, богино хугацаанд  (7 хоногийн дотор) олон адуу ижил шинж тэмдэгтэй өвчлөх байдлаар илэрнэ. Хоёрдогч халдвар авсан үед хамраас шар ногоон нус гоожих, тэжээл, усандаа дуршилгүй болж номойрч зогсох зэрэг шинж ажиглагдана. Өвчин хүндрэхгүй бол 7-14 хоноод эдгэрнэ. Цаг агаарын тааламжтай нөхцөлд тарга хүч сайтай адууны эдгэрэлт түргэн байна. Цаг агаар хүйтэрч адууны тарга хүч муудсан үед өвчний явц хүндэрч гүү хээл хаях, өвчтэй адуу эдлэхэд амархан цуцах, сүргээс хоцрох, гэдсээ татах зэрэг шинж тэмдэг үзүүлнэ. Мөн хоёрдогч халдвараар амархан хүндэрч олноор хорогдох шалтгаан болно.
6. Эмгэг бие бүтцийн хувиралт: Эмгэг бие бүтцийн хувьд өвөрмөц онцлог хувиралт тод илэрдэггүй учир харьцангуй ач холбогдол багатай байдаг. Нүд, хамрын салст бүрхүүлд цус ихдэх, хавагнах, салслаг, идээт шингэнээр хучигдсан байна. Мөн тунгалгийн зангилаа томорсон байна. Зүрх, дэлүү, гэдэсний салст бүрхүүл дээр жижиг цус харвалт ажиглагдана. Өвчин хүндэрсэн үед уушигны хэлтрүүдэд мөгөөрсөн хоолой, уушигны салст идээт үрэвсэл үүснэ‎. Уушигны гадарга дээр янз бүрийн хэмжээний голомтууд үүснэ. Голомтуудыг зүсэж үзэхэд алагласан өнгөтэй, чийглэг, гялалзсан, тэгш заримдаа мөхлөгт юм уу товгор гадаргатай байж болно. Мөгөөрсөн гуурсны салст бүрхүүл улайсан, хавагнасан, зузаарсан салст идээт юм уу мөхлөгт шингэнээр дүүрсэн байна.
7. Онош: Адууны томууны гол шинж тэмдэг болох агаар дуслын замаар маш богино хугацаанд өргөн газар орныг хамран тархах байдал болон эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид эмгэгт материалыг “Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журмын” 5.2.5–д заасны дагуу авч хүргүүлнэ.
Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжид үр хөврөлт өндгөнд юм уу эсийн өсгөвөрт халдварлуулж вирус ялган авах, Н ба N дэд хэв шинжийг тодорхойлох болон БХ–ПГУ, ЦНУ, ЦНСУ, ЭЛИЗА зэргийг ашиглаж шинжилгээ хийнэ.
Ялгаварлан оношлох: Гүү хээл хаядаг герпесийн вирусийн халдвар, иж балнад, ринопневмони, вирусийн артерит зэрэг өвчнөөс ялгаварлан оношлох шаардлагатай.
8. Эмчилгээ: Томуугаар өвчилсөн адуунд эхний ээлжинд халуун бууруулах, цэр ховхлох эмүүд олгох нь чухал боловч хоёрдогч халдвараас сэргийлэх зорилгоор нян эсэргүүцэх, бие махбодын эсэргүүцлийг сайжруулах үйлчилгээ бүхий эм бэлдмэлийг ашиглан эмчилгээ хийнэ. Халдвар даамжирч адуу тарга хүчээ алдаж хүндэрсэн үед кальци хлоридын 10%-ийн уусмалыг насны онцлогоос хамааруулан хоногт нэг удаа 50-150 мл-ийг дангаар буюу глюкозын 40%-ийн уусмалтай нийлүүлэн гүрээний судсаар 100-200 мл-ийг тарина. Малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн аломициныг 10 кг амьдын жин тутамд н‎эг мл, пенстрепыг 15 мл, фармазин 50–ыг 0.1-0.2 мл/кг тооцож өдөрт нэг удаа 3-5 хоногийн турш тарьж  хэрэглэнэ.
Ардын эмчилгээний уламжлалт аргуудыг хэрэглэж болно. Тарваган шийр өвсний нунтаг 15–20 гр, чихэр өвс 100–150 гр, лидэр 25–30 гр–аар аль нэгийг нь сонгож ханд бэлтгэн өдөрт 3 удаа амаар олгоно. Мөн дэгд, хар шаваг, алтан гагнуур, арц, ганга, царван зэргийг 15– 20 гр-аар хандалж өдөрт 1-2 удаа амаар олгоно.
Өвчний явц, хоёрдогч халдвар авсан эсэхийг харгалзан дангаар нь буюу хослуулан өвчний шинж тэмдэг арилан ханиах нь зогсож биеийн халуун буурч, тэжээлийн дуршил сэргэтэл хэрэглэнэ.
 
 


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.