• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Хонины уушигны аденоматоз өвчин


1. Тодорхойлолт: Хонины уушгинд хавдар үүсэх эмгэгээр илэрдэг аажуу явцтай хавьтал халдварт өвчин юм.

2. Үүсгэгч: Аденоматоз нь  бетаретровирусээр үүсгэгдэнэ.

Үүсгэгчийн тэсвэрт чанар: Гадаад орчинд хэдэн өдөр байх бөгөөд хэт ягаан туяаны үйлчлэлд герпесвирусээс 10 дахин тэсвэртэй боловч халуунд тэсвэр муутай 560С–д 10 минутын дотор идэвхгүйжих ба тос уусгагч, угаагч бодис, иодын хэт ислийн нэгдлүүд, фенолт бодис, формальдегид зэрэг түгээмэл халдваргүйжүүлэх бодисууд болон бага рН <4.2-д тэсвэргүй.

3. Халдвар тархах зам: Ердийн нөхцөлд хонь, ямаа амьсгалын замаар халдварлана. Өвчний үүсгэгч агаар дуслаар дамжина. Цус, сүү, үр хөврөлөөр дамжиж болно. Өвчний үүсгэгчийн эх булаг нь бетаретровирусээр халдварласан болон аденоматозоор өвчилсөн хонь, ямаа юм. Ихэвчлэн 2-4 насны хонь аденоматозоор өвчлөх боловч 2-оос дээш сарын бойжилттой хурганд тохиолдож болно. Аденоматозоор ямаа мөн өвчилнө. Жилийн аль ч улиралд энэ өвчин илрэх бөгөөд өвөл, хавар өвчлөл нэмэгддэг.

4. Эмнэлзүйн шинж тэмдэг: Аденоматозын нууц үе 2 сараас 3 жил үргэлжилнэ. Өвчилсөн хонь, ямаанд үе үе хэржигнүүртэй ханиах, хамраас шингэн гоожих, лавшран турах зэрэг шинж архаг явцтай илэрч улмаар үхнэ. Өвчний шинж тэмдэг 2-4 сар, заримдаа 8 сарын турш үргэлжилнэ.

5. Эмгэг бие бүтцийн хувиралт: Уушгинд булчирхайлаг бор саарал хавдар үүсч томрон хатуурах, тэр хавийн тунгалгийн зангилаа нь томорч зөөлрөх, мөгөөрсөн хоолойд хөөсөрхөг цайвар шингэн хуралдах нь аденоматозын онцлог эмгэг өөрчлөлт юм.

6. Онош: Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд э‎цсийн оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид эмгэгт материалыг “Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журмын” 5.4.6–д заасны дагуу авч хүргүүлнэ. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжид ПГУ, эмгэг эд судлалын аргыг ашиглан шинжилгээ хийнэ.
Малын эмч үзлэг шинжилгээ хийхдээ тухайн айлын бүх хонь, ямааны уушигны орчимд чагнах (ус буцалж байгаа мэт авиа сонсогдоно), хамрын гоождос шинжлэх (бөгснөөс нь өргөж толгойг унжуулахад хамраас салслаг шингэн гоожино), амьсгалын ажиллагааг сорих (20 минут хөөж туусны дараа эсвэл хамрыг нь бөглөн нэг минут амьсгааг түгжихэд амьсгаадаж хэрчигнүүртэй удаан ханиана), биеийн халууныг хэмжих (бусад өвчний хүндрэлгүй бол биеийн халуун хэвийн байна) зэрэг аргуудаар гүйцэтгэнэ.
Ялгаварлан оношлох: Аденоматозыг маеди-висна, диктокаулёз, хуурамч сүрьеэ, нокардиоз, идээт үрэвсэл, уушигны архаг үрэвслээс ялган оношлоно.

7. Эмчилгээ: Аденоматозыг эмчлэх, сэргийлэх өвөрмөц арга хэрэглүүр боловсруулагдаагүй.


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.