• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Шувууны ньюкаслийн өвчин


Тодорхойлолт: Шувууны дотор эрхтэн, тархи, уушиг үрэвсэх шинж тэмдэгтэй илэрдэг хавьтал халдварт өвчин юм.
Үүсгэгч: Парамиксовирусийн язгуур, төрөлд хамаарагддаг, РНХ агуулсан, 120-300 нм хэмжээтэй вирус юм. Шувууны парамиксовирус нь 9 ийлдсэн хэвшилтэй бөгөөд тэдгээрийг олон улсын нэршилээр АPMV1–АPMV9 гэж тэмдэглэнэ. Эдгээрээс АPMV1 нь Ньюкаслийн өвчнийг үүсгэдэг ч АPMV2, АPMV3 нь мөн шувууны аж ахуйд аюултай гэж үздэг.
Үүсгэгчийн тэсвэрт чанар: Ньюкаслийн өвчний вирус нь шувууны байрны агаар, тоног төхөөрөмжинд өвлийн улиралд 140 хоног, дулаан улиралд 7 хоног хүртэл идэвхээ хадгалдаг бөгөөд гадаад орчинд нилээд тэсвэртэй. Үхсэн шувуу ба түүний ялзарч муудсан сэг зэмд 3 долоо хоног, сангасанд  20 хоног хүртэл идэвхтэй хадгалагдана.Мөн 560С–д 6 цаг хөлдүү нөхцөлд 2 жил хүртэл идэвхээ хадгална. Хүчиллэг, шүлтлэг орчинд тухайлбал, pH 2–10  орчинд идэвхээ бараг алддаггүй харин хэт авианы үйлчлэлд тэсвэр муутай. Химийн бодисуудын нөлөөнд тухайлбал формалины 1-2%, 3-4%-ийн фенол, хлорын шохойн 3%, идэмхий натрийн 2%-ийн уусмалд богино хугацаанд идэвхээ алддаг.
Халдвар дамжих зам: Ньюкаслийн өвчний халдварын эх үүсвэр нь өвчтэй ба уг өвчнөөр үхсэн шувуу, тэдгээрийн сангас, шувууны байрны тоног хэрэгсэл, үүсгэгчээр бохирлогдсон тэжээл, ус зэрэг болно. Мөн өвчтэй болон өвчлөөд амьд үлдсэн шувууны төрөл бүрийн ялгадас, өндөг, агаар дуслын замаар дамжин тархана. Өвчин гарсан аж ахуйн шувууны байрны агаар салхиар 3-5 км-ийн эргэн тойронд халдвар тараах аюултай. Тэжээвэр болон зэрлэг шувууд өвчлөх боловч тэжээвэр шувуудаас тахиа, цацагт хяруул илүү мэдрэмтгий гэж үздэг. Шувууны аж ахуйд ажиллагсад өвчтэй шувуутай биоаюулгүй ажиллагааны шаардлагыг баримталж ажиллаагүйгээс өвчилж болно. Ньюкаслийн өвчний халдвар авсан хүний нүдний салст бүрхүүл үрэвсэх шинж тэмдэг ажиглагдана. Зарим шавьж завсрын эзэн дамжуулагч болох боломжтойгоос гадна кокцид, аскарид зэрэг паразит дамжуулдаг гэж үздэг. Ердийн нөхцөлд Ньюкаслийн өвчнөөр тахианы багийн шувуу, түүний дотор тахиа, цацагт хяруул, гургалдай, тогос илүү мэдрэг байхын гадна өсвөр насны шувуу илүү өртөмтгий байдаг. Тухайлбал 1–7 хоногийн настай дэгдээхэй олноор өвчилнө. Өвчний үүсгэгч нь халдвар авснаас хойш 24 цаг болоод гадагшилж эхэлдэг бөгөөд шувууны биед 2–4 сар хадгалагдана.
Өвчний эмнэлзүйн шинж тэмдэг: Өвчний нууц үе 3–7 хоног үргэлжилнэ. Биед үүсэх эмнэлзүйн шинж тэмдэг нь тухайн вирус ямар эрхтэнд давамгайлан үржиж байгаагаас шалтгаална. Өвчний эхэн үед номойрох, амьсгалж чадахгүй амаа ангайх, хүзүү нь унжих зэрэг шинж тэмдэг ажиглагдана. Өвчний эхний 4–5 хоногт үхэл өндөр цаашид үхлийн хувь буурч болно. Мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа алдагдсан үед толгой салганах, хүзүүгээ нугалах, хөл далавч саажна. Ходоод гэдэсний үрэвслийн үед хөөсөрхөг, шар ногоовтор өнгөтэй, чацга алдана. Вирус агаар дуслын замаар биед орсны дараа эд эсэнд сонгомол үйлчилгээтэйгээр үрждэг онцлогтой. Ньюкаслийн вирус нь улаан эсэд наалдах идэвхтэй тул биед орсон үүсгэгч улаан эсэд наалдан богино хугацаанд биеэр тархана.
Эмнэлзүйн шинж тэмдэг нь үүсгэгчийн хоруу чанартай ихээхэн холбоотой бөгөөд үүсгэгчийг хоруу чанарын хувьд лентоген, мезоген, велоген гэж гурав хуваана. Лентогений чанартай үүсгэгч нь хоруу чанар султай бөгөөд түүгээр халдвар авсан шувуу эмнэлзүйн тодорхой шинж тэмдэг үзүүлдэггүй, үхэл хорогдол бараг ажиглагддаггүй далд хэлбэрээр өвчлүүлнэ. Мезогений чанартай үүсгэгчээр халдвар авсан шувуу хөнгөн өвчилж, амьсгалын эрхтэнд бага зэргийн эмгэг хувиралт ажиглагдана. Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг нилээд сулхан илрэх бөгөөд үхлийн хувь бага ч өндөглөлт 2–3 долоо хоногийн туршид 50 хүртэл хувиар буурна. Велогений чанартай үүсгэгч нь хоруу чанар маш өндөртэй тул өвчний явц маш цочмог, өвчлөлт хүнд, амьсгалын эрхтнүүдийг гэмтээж өвчилсөн шувууд мэдрэлийн цочмог хэлбэрийн шинж тэмдэг илэрч саажилт болно. Энэ хэлбэрийн үед үхэл бараг 100%-д хүрнэ.
Эмгэг бие бүтцийн өөрчлөлт: Өвчин цочмог явцтай үед өвчилж үхсэн шувууны булчирхайт ходоодны салст бүрхүүлд цус харвалт, мөн булчирхайт ба булчинт ходоодны уулзварт цусан судал тогтсон байна. Булчирхайт ходоодны хана зузаарч хөхөнцрүүд нь хөөж томрон хавагнасан байна. Мөн нарийн гэдэсний салст бүрхүүл үрэвсэж цус харвасан байх ба гэдэсний хана зузаарсан байна. Дэлүү томорч цайвар толбо үүсэх, өндгөвч цусаар дүүрэх, хөхөнцрүүд томрохоос гадна зүрхний булчин, тархинд цус харвасан байна. Мөн амьсгалын эрхтний үрэвсэл илэрсэн үед толгой хавдах, төвөнх, цагаан мөгөөрсөн хоолой салслаг шингэнээр дүүрэх, салст бүрхүүл нь үрэвсэх, уушиг, агаарын уут нь үрэвсэх шинж ажиглагдана. Тэжээл боловсруулах эрхтний үрэвсэл илэрсэн үед элгэнд эмгэг хувиралтууд ажиглагдахаас гадна хэвлийн хөндийд шаргал өнгөтэй шингэн хуримтлагдана.
Онош: Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид эмгэгт материалыг “Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журмын” 5.6.1–д заасны дагуу авч хүргүүлнэ. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжид вирус ялгах болон ЦНУ, ЦНСУ, ПГУ, ЭЛИЗА зэргийг ашиглаж шинжилгээ хийнэ.
Ялгаварлан оношлох: Шувууны томуу, бронхит, цусан халдвар, салмонеллёз, төрөл бүрийн хордлого, кальцийн дутагдал зэрэг халдвартай ба халдваргүй өвчнүүдээс ялган оношлох шаардлагатай.

Эмчилгээ: Үхэл хорогдол ихтэй, халдвар өндөртэй гоц халдварт өвчин учир эмчилгээ  хийдэггүй.
Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Шувууны ньюкаслийн өвчин гарсан айл, өрх, шувууны ферм, аж ахуйд мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн аймаг, хот, дүүрэг, сумын засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм хэрэгжүүлнэ.
 


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.