• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

ЭМГЭНЭЛ


Санзайн ЦЭРЭНДАГВА 

/1948-2023/

Монгол Улсын зөвлөх малын их эмч, вирус судлагч, бидний дотны нөхөр, Санзай овогтой Цэрэндагва нь 2023 оны 3-р  сарын 01-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.

С.Цэрэндагва нь 1948 онд Дундговь аймгийн Адаацаг суманд мэндэлж бага, суурь, бүрэн дунд боловсролыг төрөлх   нутагтаа эзэмшин улмаар ХААДС-д элсэн орж 1975 онд малын их эмч мэргэжил эзэмшин төгсжээ.

Тэрбээр 1975-1982 онд Дундговь аймгийн Адаацаг сумын мал эмнэлгийн тасагт  эрхлэгч-их эмч, 1982-1990 онд Мал  эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн вирус судлалын секторт эрдэм шинжилгээний ажилтан, 1990 оноос  Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид вирус судлагч их эмчээр тус тус ажиллаж байгаад 2003 оноос  хойш гавьяаныхаа амралтыг эдэлж байв. Тэрбээр тасралтгүй гуч гаруй жил зөвхөн улсын мал эмнэлгийн байгууллагад дагнан ажилласны сүүлийн 20-иод жилд нь Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид вирус судлагч эмчээр ажиллаж байв.

 Вирус судлагч эмч С.Цэрэндагва ажлын гараагаа эхэлсэн жилдээ Дундговь аймгийн Адаацаг сумын хонины хорогдлын голлох шалтгаан нь хабертиоз өвчин болохыг шинжлэн тогтоож, сумынхаа бог малд хлорфосын туулгалтыг 3 жил дараалан хийж уг өвчний гаралтыг таслан зогсоож байжээ.

Тэрбээр 1992 онд Тува улсаас хил даван  Увс, Баян-Өлгий аймгийн сарлагт халдварласан үхрийн мялзан өвчнийг газар дээр нь оношлох, вакцины хамгаалалтыг шалгах лабораторийн хурц туршилт явуулах ажилд идэвхтэй оролцож уг өвчнийг газар авхуулалгүй устгахад томоохон хувь нэмэр оруулсан юм.

2000-2004 онд гарч байсан малын гоц халдварт шүлхий өвчний дэгдэлтийн голомтод очиж ажиллан эпизоотологи, эмнэл зүй, эмгэг хувиралт, лабораторийн шинжилгээний дүнгээр шуурхай оношилж тэмцэх арга хэмжээг газар дээр нь биечлэн үлгэрлэж хэрэгжүүлж байсан бол 2005-2011 онд шүлхий өвчнөөс сэргийлэх ОХУ, Хятад, Энэтхэг, Франц улсад үйлдвэрлэсэн вакцины дархлаа тогтоох, хадгалагдах  хөдлөл зүйг Монгол малд туршин шалгах  ажлын багийг ахлан амжилттай гүйцэтгэж уг өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсронгуй болгоход дорвитой хувь нэмэр оруулсан юм.

Түүнчлэн малын халдварт өвчнийг оношлох чиглэлээр 4 стандарт боловсруулж, Адууны цус багасах халдварт өвчинтэй тэмцэх ажлыг Монгол улсын Засгийн газрын “Малын эрүүл мэнд” хөтөлбөрт тусгуулж дэд хөтөлбөр боловсруулан Монгол улсын Засгийн газраар батлуулан хэрэгжүүлсэн байна.

С.Цэрэндагва нь вирус судлалын олон төрлийн уламжлалт болон орчин үеийн лабораторийн аргыг чадварлаг эзэмшин, мал, амьтны элдэв өвчлөл, хорогдлын шалтгааныг газар дээр нь үнэн зөв, шуурхай тогтоож, тухайн өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэхэд оройлон оролцдог  байснаас гадна өөрийн мэдлэг, туршлагыг малын эмч нартаа харамгүй зааж сурган өвлүүлэн үлдээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, мал эмнэлгийн оношилгоо, судалгааны онол, практикийг хослуулсан арвин их мэдлэгтэй, ажлын өндөр хариуцлагатай  манай тэргүүний вирус судлагч, малын эмч байлаа.

    Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хүндэт жуух бичиг, “Хөдөө аж ахуйн салбарын тэргүүний ажилтан”, “Ардын хувьсгалын 80, 90 жилийн болон Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Дундговь аймгийн “Хүндэт тэмдэг”, 2003 онд “Алтан гадас” одон”-гоор тус тус шагнасан байна.

    Талийгаачийн мэргэжлийн өндөр мэдлэг чадвар, хөдөлмөрч дайчин чанар, бүтээлч байдал, хамт олноо хөгжөөн баясгадаг алиа хошин зан чанар нь хамтран ажиллаж байсан үе үеийн малын эмч нар, бидний сэтгэл зүрхэнд  үүрд дурсагдан үлдэх болно.

            Талийгаачийн хань, үр хүүхэд, ахан дүүс, найз нөхдөд нь гүнээ эмгэнэл илэрхийлье.

Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн хамт олон

 


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.